Thursday, March 3, 2011

Халх монгол эр хүн танд

Хар, шар, цагаан арьстнаар
Халх монгол залуу чамайг би солихгүй ээ
Хачин баян, энхрий янаг байсан ч
Харийн хүний эхнэр болохгүй ээ
Эрхэм агаад бардамхан ааштай
Эр хүн чамаараа би гоёж
Энэ дэлхийн хаана ч амьдарсан
Энгэрийн чинь товчийг бөхлөж явна
Хар хөмсгөө нумартал атируулж
Хааяа нэг ширүүн харц илгээдэг ч
Хань минь юм шүү гээд чамайгаа би
Харамлаж өмөөрч явах болно
Архи дарс наргиан хөөж
Авгай хүүхний хормой сөхөж
Амьдралд минь намайг олон бүү гомдоогоорой
Авааль нөхөр минь гээд чамайгаа түшиж явна
Халх Монголын цусыг таслахгүй
Хайртай үрсээ өсгөж өндийлгөе
Дэлхийд ховорхон Монгол удмаа
Дээлэндээ бөөцийлж торниулж явья.

ХОРСОЛ

Идээ бээр садарна
Ихээ муухай үнэртэнэ
Ийм муухай бузарыг өөрсдөөн бид тарьнам
Бие биенээ хэмлэнэ
Битүү хүтүүхэн мэрнэ
Oрчлонд оноосон нас дэндүү богиныг үл мэднэ
Одот шөнийн доор хундага тулган биесээ муулна
Агаар хүртэл өмхийгөөр дүүрчихсэн мэт
Архичид,хэрүүл,хов жив
Энэ бол бидний зураг...

Тамлалт,хэмлэлт тасралтгүй хөвөрнө

Тарни маань,ерөөл харин бараг үгүй ээ

Олдсон бие дэндүү хэврэгийг

Огоорч мэдрэгсэд бараг үгүй ээ

Дэлгэсэн тэрлэгний зангидсан сампингаас ч илүү

Дэндүү муухай үгсээр биесээн бид ороолгоном

Ариун ганц бурхан нь өөрөө ганцаар заларчихсан мэт

Архичин,банзал,завхай гэж биесээн цоллоно

Гагц өөрөө л гэрэлт бүрэлбаа мэт

Гайхширч муулсан ховын бүрээг тэд өдөржин шөнөжин үлээнэ

Үргэлж тэд өлсөнө

Үйл зүйлийн ховоор

Зүүсгэл чимэг болгодогийн болов уу ?

Зүс нь тэр хирээр залууждагийн болов уу?

Хийдэг ажлыг нь муулна

Хийх ажилгүй бол зүхнэ

Хараал хов живээр хооллогсод

Хахаж үхэхээ мэддэггүйн болов уу?

Сүүдрээсээн хүртэл эмээнэ

Сүрчигнийхээ  үнэрээс ч эмээнэ

Сайн байна уу гэхээс эмээнэ

Сайн явахаасаа эмээнэ

Саар явахаасаа бас эмээнэ

Айдас хүйдэс алсын манан мэт дагана

Аль үедээ хийчихсэн Хөх Монголчуудын лай юм бэ?

Хичнээн зуун өнгөрлөө ч

Хэзээ ч нэгддэггүй ард түмэн бэ бид

Тамын тогооны үлгэртээ

Тамтаггүй юунд ингэтэл дурлана вэ?

Өвдөж зовсон нэгнээ

Өргөж дэмнэхийн оронд

Өшигчих хүн хаана байна гэж

Өнгөлзөж тэд бусдын улыг шагайна

Өглөөн нар гийжээ,өнгийн цэцгэс дэлгэрчээ

Өчнөөн сайхан газар бид олуулаа биш ч,цөөхүүл биш ээ

Цацсан бузар хэлний чинь тоогоор

Цагаан сүү өргөж хурайлая

Шидсэн чулуу бүгдийн чинь тоогоор

Тэнгэр тэднийг өршөө гэж ёрөөе.

Буцаад ирэхгүй одсон тандаа...

Буянтай буурал ээжийг минь
Бурхан дуудаад аваад явав
Буцаж хоргодохын сэтгэлгүй
Буян хишгээ үлдээгээд одов

Зүс болоод царай намба нь
Залуу гоё байсан төрх нь
Загнаж зэмлэж хэлсэн үг нь
Зангирч урсаж байсан нулимас нь

Аргадаж эвийлж байдаг байсан нь
Амтат хоолоо барьж байсан нь
Олон хүүхдүүдээрээ бахархаж байсан нь
Оройн дээд бурхандаа залбирч байсан нь

Сэтгэл зүрхэнд минь мөнхрөн хадагдав
Сүүдэр минь болж дэргэд минь үлдэв
Буурал үстэй жижигхэн ижий минь
Буцаж бидэндээ ирэхийг нь ерөөв

Нар дагаад буцсан ижий минь
Намрын цагийг үлдээгээд явав
Зулайгаа гишгэлж төрсөн хүүхдийнхээ зүрхэнд
Зул болж мөнхөд үлдэв, ум маa ни бадми хум

Анд нөхөр Сэмжэдийн маань ачлалт эх Дашбалбарын Мягмаржав
агсаны гэгээн дурсгалд энэхүү шүлгээр сэтгэлийн зул өргөмүү.
Ум маа ни бадми хум.

 08-15-2009

Нэгэн жарны амьдрал үүрсэн таньд

Туулж өнгөрүүлсэн нэгэн жарны амьдрал
Туждаан баяр, туждаан гуниг байгаагүй ээ
Тэнгэр алдлан дэрвэж өссөн балчир нас
Тэвдэж сандарч, хөөрч онгирсон дэврүүн үе
Чармайлт мэрийлт,нийгмийн идэвх дунд үдсэн
Чангарч хүн болох гэж хичээсэн сурагч ахуй цаг
Оюутны ширээ,намарын ажилд
Онгод шүлэг шиг хөглөгдсөн залуу нас
Хайрын болзоо, халуухан бүжиг, хаврын ажил
Амрагийн үнсэлт, ханийн заяатай учруулсан залуу нас бүгд таных байлаа
Анхны үрийн час хийсэн дуунаар
Амьдралын жинхэнэ жаргалыг амсаж
Өөрөөрөөн гоёж, ядархыг умартаж өнгөрүүлсэн
Өнгөлөгөөс өнгөлөг, бардамнал дүүрэн залуу нас бас л таных байлаа
Урлагаар өвчилж, сэтгэлдээн жигүүр тээсэн он жилүүд
Уйдах,гуниглахын завгүй өнгөрөөсөн урт атлаа, богино мэт хөвөрсөн жилүүд
Жирийн хөгжимчнөөс сайдын сэнтийд хүртэл заларсан ч
Цамаархан,омогшиж яваагүй оргил нас бас таных байсаан ...
Хийх л ёстой бүгдээ хийсэн шиг хийх гэж
Хэсэгхэн зуурын зовлонг өшигчөөд гарсан дурсамжууд
Жаргалд бялуурч, зовлонд сөгдөөгүй
Жавхаа төгс, бахархал дүүрэн үе таныхаа
Хүн байхын эрхэм чухалыг өөртөөн болоод бусдад мэдрүүлсэн таньд
Хүндлэл бахархалаар дүүргэн шүлгэн титэм зангидаж тэргүүнд тань өмсгөе
Хүсэл мөрөөдөл дүүрэн жигүүр тань бүү цуцаг ээ!
18.09.09

Чи надад дэндүү хайртай болохоор л...

Чи надад дэндүү дурласан болохоор
Чин үнэндээ хүлцэнгүй боол минь болохоор
Чиний чичрэн байх уруулыг харахлаар
Шөнийн тэнгэрт саран мэт би бардамхан гэрэлтдэг

Уйтгарт зүрхэн дээр чинь гоёлын гутлаар товшиж
Уруулын тань олон үнсэлтийг гар дахь бээлийтэйгээ базаж
Цахилдаган цэцэг шиг өнгөөн алдах бүрийд чинь
Цангинатал инээн би одон дээгүүр дүүлдэг

Чи надад дэндүү хайртай болохоор л...

Tuesday, March 1, 2011

САНАДАГ АА...


Хавар болоод бороо асгарахынх нь сайхныг
Хачин гоё үнэр хамар цоргихынх нь гоёыг
Хавсарга тавьж, шороо шуурхынх нь муухайг
Харанхуй битүү утаа униарынх нь тортогийг
Сайхан, муухай бүгдтэй нь хамт
Санаж байдагаа эх ороноо

Хомоол таана мангирийнх нь үнэрийг
Хөл нүцгэн алхахад хөрс шорооных нь хатгадгийг
Шөнийн тэнгэрт гялалзах тоо томшгүй оддыг
Шүлэг нойрон дунд боргох нохдын хуцалтыг

Алтан наран уулсын хормой эмжин шингэхийг
Алиман саран алган дээр унасан юм шиг тод гэрэлтэхийг
Адуу малын шивтэр хаа холоос хамар цоргидгийг
Аянч улсын өөдөөс ааруул ээзгий бариад тосдогийг
Санаж байдагаа эх ороноо

Бор гэдсээ түнтийлгээд баацаг баацаг алхах үрсээсээ
Тамхилья гээд инээлдэх танил дүр төрхнүүд
Гэрийн гадаа хатааж буй дэлгэц дүүрэн цагаан идээ
Гэзгээн самнаад зогсож буй сайхан монгол эмэгтэй

Зуухан дотор асах хөх аргалын үнэр
Зуу зуун жил хойморт жаргаж буй зулын гэрэл
Санахгүй байхын аргагүй дүр зураг
Саваагүй бага насанд минь мөнхөрсөн эх орны минь хөрөгөө

Хөх хөх том аргалуудыг уралдан байж түүж
Араг савраан зодолдуулж...
Хувин хувингаар зөөсөн худгийн хүйтэн усанд
Дүрсээн толидсон балчир нас...

Эх орны минь хөдөө талд ч
Эрхэмсэг санагдах хотын гудамжинд ч
Эрдэнэс, алт юугаар ч арилжимгүй
Энхэр цээжинд минь нотод үлдсээн

Сансар хороолол, Баянгол, Сүхийн талбай, Зохиолчидын хороо
Багшийн дээд, Ленин клуб, бүгдийн минь сэтгэлд хадаастай буй...
Гоё охид, ганган залуус, хүүхдийн парк, шөнийн клуб
Жаргасан бас гунисан төрхүүд минь
Жаазтай зураг шиг сэтгэлд үлдсээн

Уншаад дуусашгүй амттай ном шиг
Ухаанд минь хоногшсон эх орон минь
Төгсгөл нь гоё кино шиг
Төгөлдөр улам өөдөө дэвжээсэй

Дөрвөн уулын дундаа шавааралдсан утаат хот минь
Дөмөгхөн өөр газар бууриан сэлгэж сэргээсэй
Ширгэсэн Сэлбийн гол минь буцаад эргэн урсаж
Мөхөх гэж буй Туул минь мөнхөрч мяралзан ирээдүйд минь үлдэж хүрээсэй..
Дандаа хар амиа бодож төрийн сэнтийд залрагчидаас
Даамай ядаж хэсэгхэн нь эх ороноо бодогсод төрөөсэй
Орчлонгийн юм бүгд өөдлөн дэвжидэг юм чинь
Одоо миний эх орон өнгөжин мандах болтугай хурай, хурай, хурай

Хулганайн Тэргэл

2010 он Чикаго хот

Sunday, February 20, 2011

Бүсгүй чамд илгээх захидал 1

Уруулаан буд бүсгүй минь
Унж дорой бүү яв
Нас бол цаасан дээр бичдэг  тоо юм
Намбархаж бүү сүйд бол
Хүссэнээрээ амьдар бүсгүй минь
Хүлээж цөхөрсөн бол хая
Гоо сайхан яв бүсгүй минь
Гологдож биш шилж амьдар
Гадсан өсгийтэй ганган шаахай
Гархи, гоёл бүгдээн зүү
Сайхан үнэр биедээн шингээж
Салхи татуулан инээмсэглэж яв
Салах хагацлын дуу бүү аяла бүсгүй минь
Сарны гоо гүнж мэт инээмсэглэж амьдар…

2008 он

Бүсгүй чамд илгээх захидал 2

Намайг уучлаарай гэж хэлж амьдардаг хорвоо дээр
Насан туршдаа өөрийгөөн болоод бусдыг уучилж амьдар
Гомдол хорсол, үзэн ядалт бүхнээс зайлсхийж
Гутрал гуниг шаналал бүхнээс өөрийгөөн цэвэрлэж яваарай

Хэн нэгнийг хайрлаж ханийн энгэр түшлээ ч
Хэзээ ч бүү мартаарай бидэн хоёрыг наагаагүй ээ гэдгийг
Хэтэрхий ихийг хайртаасаа нэхэж, өмч мэт үзэлгүй
Хэмжээ хязгаартай амьдарч яваарай бүсгүй чи

Жаргал мөнгө л юм шиг санагдаж
Жаргал гэдэг хангалуун амьдрал л юм шиг бодогдож
Харах нүд чинь сохорсон мэт болохын цагт
Хаалгаан нээж зүрхээн чагнаж, өөрийгөөн өөрөөсөө олж аваарай

Харамсах халаглах юмгүй амьдар бүсгүй чи
Хачин сайхан сэтгэлээсээн инээмсэглэж яв
Өдөр бүр өөрийгөөн тольдож
Өнгийж сайн харж бай доторх болоод гадна төрхөө

Энэ сайхан хорвоо дээр өчнөөн сайхан зүйл бийд итгэ

Өөрийг тань хайрлах олон  хүмүүс
Өнгө өнгийн цэцэг шиг дэлгэрэн буйд итгээрэй
Хэн нэгний халамжинд найдан
Хэн нэгний төлөө залуу насаа үрлээ гэж балайралгүй

Хүний эхнэр л болчихсон юм чинь яадагийн гэж биеэн хаялгүй
Хонгор жаахан охин үеийнх шигээ
Гангалж бас тольдож, үргэлж гоё яв бүсгүй чи

Өрөөл бусдыг зүхэн доромжлохоосоо өмнө
Өөрийг минь бас хэн нэгэн өргөс харганаар ороолгоод байвал
Өвдөх болов уу яах бол гэж
Өгөөмөр сэтгэлээр бодож яв бүсгүй минь

Өөрөөн чи ингэж чадвал
Өнгөлөг агаад бардамнал дүүрэн
Өчнөөн эрс өлмийд чинь сөгдөн
Өнгө үзэсгэлэн ухаанд чинь татагднаа

Гоё сайхан яв бүсгүй минь чи
Гологдож биш шилэгдэж амьдар
Орчлон хорвоо ийм сайхан болохоор
Одноос ч илүү тод гэрэлтэж яв бүсгүй чи

Америк дахь Монголчууд ярьж байна - Яруу найрагч Х.Тэргэл (ММ Агентлаг - 03/17/2010)



Эх сурвалж: http://medeelel.com/videos/mm-agentlag/yariltsiya/amerik-dahi-mongolchuud-yarij-baina-yaruu-nairagch-htergel-mm-agentlag-03/17/2010

Залуу явахад юм бүхэн өнгөлөг

Залуу явахад юм бүхэн өнгөлөг
Зам дээр хэвтэх мөчир өнгөлөг
Хичнээн ч үнгэлээ гэвч хүүхний уруул өнгөлөг
Хэрэн тэнүүчлэх дурлал бас өнгөлөг өө

Харчуулын гутал тоостойгоо байхад
Хашааны жаалууд нустайгаа байхад
Дөрвөн улирал шиг дөрвөн нүд ширтэлцэн байхад
Дөнгөж л чи над руу талимааран байхад
Халтар жаалаар чи захиа өгүүлж байхад
Хагархай толины өмнө би гоёж зогсоход
Хачин хүйтэн бороо цутгаж байхад
Хаширлах сэтгэл бидэнд төрөө нь үгүй явлаа.
Баян хоосныг чинь ялгаагүй байхад
Бяцхан охин шиг гэнэн байхад
Бичгийн цаас шиг чи бидэн цэв цэвэрхэн байхад
Бидэнд ирсэн хайр очир алмааз шиг өнгөлөг өө
 
Залуу явахад л юм бүхэн өнгөлөг
Зам дээр хэвтэх мөчир өнгөлөг
Хичнээн ч үнгэлээ гэвч хүүхний уруул өнгөлөг
Хэрэн тэнүүчилж, хүсэн төсөөлөх их хайр минь өнгөлөгөөс өнгөлөг
Залуу явахад л юм бүхэн өнгөлөг.