Tuesday, March 1, 2011

САНАДАГ АА...


Хавар болоод бороо асгарахынх нь сайхныг
Хачин гоё үнэр хамар цоргихынх нь гоёыг
Хавсарга тавьж, шороо шуурхынх нь муухайг
Харанхуй битүү утаа униарынх нь тортогийг
Сайхан, муухай бүгдтэй нь хамт
Санаж байдагаа эх ороноо

Хомоол таана мангирийнх нь үнэрийг
Хөл нүцгэн алхахад хөрс шорооных нь хатгадгийг
Шөнийн тэнгэрт гялалзах тоо томшгүй оддыг
Шүлэг нойрон дунд боргох нохдын хуцалтыг

Алтан наран уулсын хормой эмжин шингэхийг
Алиман саран алган дээр унасан юм шиг тод гэрэлтэхийг
Адуу малын шивтэр хаа холоос хамар цоргидгийг
Аянч улсын өөдөөс ааруул ээзгий бариад тосдогийг
Санаж байдагаа эх ороноо

Бор гэдсээ түнтийлгээд баацаг баацаг алхах үрсээсээ
Тамхилья гээд инээлдэх танил дүр төрхнүүд
Гэрийн гадаа хатааж буй дэлгэц дүүрэн цагаан идээ
Гэзгээн самнаад зогсож буй сайхан монгол эмэгтэй

Зуухан дотор асах хөх аргалын үнэр
Зуу зуун жил хойморт жаргаж буй зулын гэрэл
Санахгүй байхын аргагүй дүр зураг
Саваагүй бага насанд минь мөнхөрсөн эх орны минь хөрөгөө

Хөх хөх том аргалуудыг уралдан байж түүж
Араг савраан зодолдуулж...
Хувин хувингаар зөөсөн худгийн хүйтэн усанд
Дүрсээн толидсон балчир нас...

Эх орны минь хөдөө талд ч
Эрхэмсэг санагдах хотын гудамжинд ч
Эрдэнэс, алт юугаар ч арилжимгүй
Энхэр цээжинд минь нотод үлдсээн

Сансар хороолол, Баянгол, Сүхийн талбай, Зохиолчидын хороо
Багшийн дээд, Ленин клуб, бүгдийн минь сэтгэлд хадаастай буй...
Гоё охид, ганган залуус, хүүхдийн парк, шөнийн клуб
Жаргасан бас гунисан төрхүүд минь
Жаазтай зураг шиг сэтгэлд үлдсээн

Уншаад дуусашгүй амттай ном шиг
Ухаанд минь хоногшсон эх орон минь
Төгсгөл нь гоё кино шиг
Төгөлдөр улам өөдөө дэвжээсэй

Дөрвөн уулын дундаа шавааралдсан утаат хот минь
Дөмөгхөн өөр газар бууриан сэлгэж сэргээсэй
Ширгэсэн Сэлбийн гол минь буцаад эргэн урсаж
Мөхөх гэж буй Туул минь мөнхөрч мяралзан ирээдүйд минь үлдэж хүрээсэй..
Дандаа хар амиа бодож төрийн сэнтийд залрагчидаас
Даамай ядаж хэсэгхэн нь эх ороноо бодогсод төрөөсэй
Орчлонгийн юм бүгд өөдлөн дэвжидэг юм чинь
Одоо миний эх орон өнгөжин мандах болтугай хурай, хурай, хурай

Хулганайн Тэргэл

2010 он Чикаго хот

5 comments:

  1. Эх орон чинь бас чамайг санадаг аа гэж надаар хэлүүллээ.

    ReplyDelete
  2. Тэсрэх гэж байгаа жимс шиг мойл хар нүдтэй авъяаслаг сайхан дүү минь хаана л явна даа чи минь, Би чамд зориулж арав гаруй жилийн өмнө "Тэсрэх гэж байгаа жимс шиг мойл хархан нүдэнд
    Тэнгэрийн од ч атаархам гэгээ цацарсан нүдэнд
    Тэсгэлгүй хайрын оч цацраах миний дүүгийн нүдэнд
    Тэнэсэн гунигийн сүүдэр л бүү унаасай" гэж бичиж байж билээ,
    Эх орноо санаж бэтгэрч явааг чи шүлгээс чинь мэдлээ, Аз жаргалаар гэрэлтэж яваарай дүү минь,

    ReplyDelete
  3. Тэргэл гэж дугараг бүтэн сарыг хэлнэм
    Тэргэл гэж дуу шиг яруу бүсгүйг хэлнэм
    Тэргэл гэж дундуургүй дүүрэн сэтгэлийг хэлнэм
    тэргэл үг үгийн холбон ярууг бүтээгч яруу найрагчийг хэлнэм. Тэргэл ээ хаана ч явсан хэнтэй ч уулзсан, хаанаас ч аз жаргалыг хайсан ч гэлээ энэ муу хэдэн найрагчдаа битгий мартаарай. Эд нар чинь л хүн юм шүү. энэ муу хэдэн шүлгээ битгий хаяаарай эд нар чинь л үнэн юм шүү

    ReplyDelete
  4. sain bn uu saihan shuleg bn amjilt huseye

    ReplyDelete